МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭМЭГДЭЖ “B+” (ТОГТВОРТОЙ) БОЛЛОО.

Нийтэлсэн огноо: 2024-09-19

Fitch Ratings: Монголын нүүрс экспортлогчдын хөрвөх чадварт эрсдэл учирч эхэллээ

“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”-ээс “B+” болгон дээшлүүлсэнг өнөөдөр мэдээллээ. Манай улсын хувьд 2015 оны 11 сараас хойш анх удаа B+ (тогтвортой) зээлжих зэрэглэлтэй болж байна.

Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь

Улсын зээлжих зэрэглэл гэдэг нь тухайн улсын санхүүгийн болон эдийн засгийн байдалд суурилан зээлийн эрсдэлийг үнэлж гаргасан үзүүлэлт юм. Энэ нь тухайн улс гадаад, дотоодын зах зээлээс зээл авахдаа хэр найдвартай эсэхийг илтгэнэ. Зээлжих зэрэглэл нь улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдал, өрийн хэмжээ, төсвийн алдагдал, зээлээ хугацаанд нь төлөх чадвар зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг.

Зээлжих зэрэглэлийг олон улсын нэр хүнд бүхий зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд болох Moody’s, Standard & Poor’s (S&P), Fitch зэрэг байгууллагууд тодорхойлдог. Зэрэглэл нь AAA, BBB, CCC гэх мэт үсгэн тэмдэглэгээгээр илэрхийлэгддэг бөгөөд AAA зэрэглэл нь хамгийн өндөр буюу найдвартай зээлдэгчийг, D зэрэглэл нь хамгийн эрсдэлтэй буюу төлбөрийн чадваргүйг харуулна.

Энэ зэрэглэл нь улсын зээл авах чадварт шууд нөлөөлөх бөгөөд өндөр зэрэглэлтэй улс зээлээ бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах боломжтой болдог. Тиймээс улсын зээлжих зэрэглэл нь хөрөнгө оруулагчдад тухайн улсын зээлд найдах боломжийн талаар мэдээлэл өгдөг чухал үзүүлэлт юм.

“B+” зээлжих зэрэглэл нь товчхондоо

B+ зээлжих зэрэглэл нь олон улсын үнэлгээний системд дунджаас доогуур үнэлэгддэг зэрэглэл юм. Энэ зэрэглэлийг өгдөг агентлагууд болох Standard & Poor’s (S&P), Moody’s, Fitch зэрэг байгууллагуудын тайлбарласнаар B+ зэрэглэл нь эрсдэлтэй ангилалд багтдаг бөгөөд зээлдэгч улс эсвэл байгууллага төлбөрийн чадвартай ч, эдийн засгийн болон санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орох магадлалтайг илэрхийлдэг.

B+ зэрэглэлтэй улс эсвэл байгууллагад дараах зүйлс илэрхийлэгддэг:

  • Эрсдэл өндөртэй: Тухайн улс нь зээлээ хугацаанд нь төлж чадах ч, эдийн засаг нь тогтворгүй байдалд орох эсвэл төлбөрийн чадварын хүндрэл үүсэх магадлалтай байдаг.
  • Санхүүгийн дарамттай: Тухайн улс эсвэл байгууллага нь өндөр хэмжээний өртэй байж болох бөгөөд энэ нь ирээдүйд зээл төлөхөд асуудал үүсгэж болзошгүй.
  • Хүү өндөртэй зээл: B+ зэрэглэлтэй улс нь зээл авахдаа илүү өндөр хүү төлөх шаардлагатай болдог, учир нь зээлдүүлэгчид илүү их эрсдэл хүлээж байгаа гэж үздэг.

Товчхондоо, B+ зээлжих зэрэглэл нь зээлдэгчид төлбөрийн чадвартай ч, эрсдэлтэй орчинд байгааг харуулдаг.

Яагаад Монгол Улсын зэрэглэл нэмэгдэв?

  • Уул уурхайн салбарын түүхэн өсөлт нь эдийн засгаар эерэг үр дүн авчирч, гадаад валютын албан нөөц нэмэгдэж, гадаад өрийн дарамтыг багасгаж эргэн төлөлтийн хувиар уян хатан болсноор Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан.
  • Нүүрс болон уул уурхайн экспорт нэмэгдэж, үүнийгээ даган бусад салбаруудын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг ирэх хоёр жилд 6 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Уг үзүүлэлт нь бусад “B” ангиллын улсуудаас 2 хувиар илүү үзүүлэлт юм.
  • 2024 оны эхний хагас жилд Монгол Улсын төсөв алдалгүй гарсан бөгөөд “Fitch” агентлаг 2024 оны төсөв тэнцвэртэй байж, 2025-2026 онд төсвийн алдагдал 3 хувь байх тооцоололтой байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт нь бусад “B” ангиллын улсуудтай ойролцоо байна. Мөн засгийн газрын орлого энэ оны төгсгөлд 26 хувиар, зарлага 36 хувиар өснө гэж тооцоолж байна. Ирэх 2025 онд 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад орлого 20 хувиар, зарлага 17 хувиар өснө гэж тус агентлаг үзэж байна.
  • Засгийн газрын өр багасаж 2024 оны байдлаар ДНБ-ий 44 орчим хувьтай байна гэж үзжээ. В зэрэглэлийн улсын дундаж нь ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцдэг гэх мэт үзүүлэлтүүд Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэхэд гол нөлөөг үзүүлжээ.

 

Шинэ мэдээ

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 5 ХУВИАР ӨСЛӨӨ

Мэдээ, мэдээлэл

“Э-ТРАНС ЛОЖИСТИКС” ХК ХУВЬЦААГАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА.

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.11.11-11.15/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.10.28-11.01/

Мэдээ, мэдээлэл

7 хоногийн зах зээлийн тойм /2024.10.21-10.25/

© 2024 он. SG Investment & Securities. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency